Авгачууд цонгоол Б.Нацагдорж. Хатан баатар ван Магсаржавын уг эх, өвөг дээдсийн тухай // “Сайн ноён хан аймгийн Хатан баатар Дархан засгийн хошуу: Түүх, соёлын асуудал” эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийн эмхэтгэл. Улаанбаатар, 2024. 54-67-р тал. (original) (raw)
2024, Авгачууд цонгоол Б.Нацагдорж. Хатан баатар ван Магсаржавын уг эх, өвөг дээдсийн тухай // “Сайн ноён хан аймгийн Хатан баатар Дархан засгийн хошуу: Түүх, соёлын асуудал” эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийн эмхэтгэл. Улаанбаатар, 2024. 54-67-р тал.
ХХ зууны эхэнд монголчуудын үндэсний ухамсар сэргэж, алдагдаад удсан эрх чөлөө тусгаар тогтнолоо эргүүлэн олж авахад олон сайн баатар эрс, эрдэмтэн сайчууд төрөн гарч төр улсынхаа төлөө зүтгэжээ. Үүний нэг нь Сайн ноён аймгийн Итгэмжит засгийн хошууны сул гүн Сандагдоржийн хөвүүн Магсаржав бөгөөд эр зориг, эрдэм билгээрээ олны дундаас онцгойрч 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, тусгаар тогтнолоо батлан хамгаалах үйлсэд амь хайргүй зүтгэж, улмаар 1921 онд Монголын үндэсний ардчилсан хувьсгалд оролцон хуучин нийгмийг халж, шинэ нийгмийн тогтолцоо үүний дотор улс орныг батлан хамгаалах салбарт баларшгүй мөрөө үлдээсэн хүн юм. 1921 онд Монголд Ардын эрхтэй төр засаг тогтоход өөрийн эрх ямбанаас татгалзаж, шинэ засаг төрд зүтгэсэн угсаа язгууртай ноёд сайд нарын нэгэн төлөөлөл байсны хувьд түүний намтар түүхийг хуучин нийгмийн үед төр засгаас зориуд анхааран судалж, судлуулан бичүүлж ардын дунд тархааж байсан юм. Маршал Чойбалсан тэргүүтэй өдий төдий хүмүүсийн бичсэн намтар түүхэнд түүний уг гарлыг харц ард буюу цэргийн гавьяанд гүн цол олсон энгийн хүмүүс байсан шигээр бичиж ирсэн нь, өмнөх нийгмийн үзэл сурталд тохируулсан зүйл байсан болох нь тодорхой байна. Иймээс энэхүү илтгэлд миний бие өөрт олдсон шинэ баримт сурвалжуудыг ашиглан Хатан баатар дархан чин ван Магсаржавын уг гарлыг тодруулж, дагууд нь аман түүхэнд уламжилсан домог яриа нь түүхэн үнэнд хэр нийцэж буйг тодлохоор хичээлээ.