Н.ХИШИГТ: МОНГОЛЫН АРД ТҮМЭН: БҮГДИЙГ ФРОНТОД, БҮХНИЙГ ЯЛАЛТЫН ТӨЛӨӨ (original) (raw)

Н.ХИШИГТ: МОНГОЛЫН АРД ТҮМЭН: БҮГДИЙГ ФРОНТОД, БҮХНИЙГ ЯЛАЛТЫН ТӨЛӨӨ

Хүн төрөлхтөнд гамшиг зовлон учруулсан дэлхийн хоѐрдугаар дайныг өдөөсөн фашизм, милитаризмыг хамтын хүчээр ялан дийлж, бүх нийтийн энх тайвныг тогтоох тэмцэлд хувь нэмрээ оруулсан улс орнуудын тоонд Монгол улс зүй ѐсоор багтана. 1941 оны 6 дугаар сарын 22-нд Герман улс ЗХУ-д халдан довтолсноор зөвлөлтийн ард түмний Эх орны дайн эхэлсэн өдөр БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв Хороо хамтран хуралдаж, "...монголын ард түмний сэтгэл бүрнээ Зөвлөлт улсын талд буйг ЗХУ-ын ард түмэн ба бүх дэлхийн хөдөлмөрчин ард түмний өмнө батлан илэрхийлж, ... Харилцан туслалцах Протокол гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн, фашистын өдүүлсэн байлдааныг СССР улсаас бут цохин ялж дийлэх явдалд тусламжийг үзүүлэх" 1 тогтоолыг гаргажээ. Маргааш өдрийн оройн 6 цагт Сүхбаатарын өргөн чөлөөнд болсон Улаанбаатар хотын хөдөлмөрчид, тус улсад суугаа зөвлөлтийн харъяат нарын цуглаанд БНМАУ-ын ерөнхий сайд, маршал Х.Чойбалсан ард түмэндээ хандан үг хэлж, цуглаанд оролцогчид "…Тус улсын хөдөлмөрчин ард түмэн бүх тэргүүний хүн төрөлхтний дур сэтгэлийн нэгэн адил агуу их Зөвлөлт улсын талд оршиж, ...өөрийн аугаа их хань нөхөд дайсныг ялан дийлэх явдалд тусламжийг үзүүлэхэд бэлхэн байна. Манай Монгол улс Зөвлөлт улсын ялан дийлэх явдал ямар ч эргэлзээгүй хэмээн үзэх" 2-ийг илэрхийлсэн уриалга гаргажээ. Чингэж, БНМАУ, монголын ард түмэн ЗХУ-ын талд бат зогсох байр сууриа илэрхийлсэнийг Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд, ерөнхий сайд Х.Чойбалсан нарын гарын үсэг бүхий цахилгаан утсаар 1941 оны 6 сарын 23-нд ЗСБНХУ-ын Засгийн газарт мэдэгджээ. Тэртээх жилүүдийн түүхийг мөшгин үзвээс, монголчууд өмөг түшиг хэмээн үздэг ЗХУ-д дайн эхэлснийг өөрт учирсан аюул, зовлон мэт үзэж, аль бүхнээрээ Улаан армид туслахыг эрмэлзсэнийг харж болно. Дайн эхэлснээс хойш гуравхан хоногийн дараа "Залуучуудын үнэн" сонинд "Бид Зөвлөлт Холбоот Улсыг хамгаална" өгүүлэл нийтлэгдэж, Улаан цэрэгт морь, мал бэлэглэхийг хүссэн иргэд улс орны удирдлага, зөвлөлтийн Элчин төлөөлөгчийн газарт хандаж, бүр өөрийн биеэр очиж байжээ. Энэ тухай жишээ дурдваас: 6 сарын 27-нд ард Дугарын Авид маршал Х.Чойбалсантай ирж уулзан, шар үхэр бэлэглэхийг хүсчээ. Маршалаас бэлгийг шууд авч чадахгүйг учирлан хэлж, авсны нэгэн адил бодож, энэхүү сайн үйлийг дэлгэрүүлнэ гэсэн нь баримтад үлджээ 3. Мөн ЗСБНХУ-ын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын ажиллаж байсан Ц.Ж. Дамдинжапов: "...1941 оны намар Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар хижээл насны нэгэн эр ирж, хоѐр сайн морио Улаан армид бэлэглэх, өөрөө сайн дураар фронтод явж, хүний үнэргүй махчдыг бут ниргэхэд биеэр оролцохыг хүсч байгаагаа хэлж, элчин төлөөлөгч Ивановтай уулзуулахыг хүссэн. Түүнийг Иванов хүлээн авч Зөвлөлт улс, ард түмний өмнөөс халуун талархал илэрхийлсэн, тийм жишээ маш олон байсан" 4 хэмээн дурссан байдаг. Улаан армид тусалж, дайны хүнд хүчрийг бага боловч хагаслах хүсэл эрмэлзэл монгол хүн бүрийг эзэмдэх болсон үед 1941 оны 9 сарын 6-ны өдөр хуралдсан БНМАУ-ын Ардын СнЗ-ийн 46 дугаар хурлаас "...тус улсын ардууд ба ажилчин, албан хаагчдаас германы фашизм лугаа тэмцэх газар баатарлагаар байлдаж буй Улаан цэргийн байлдагч нарт зориулан ирүүлсэн бэлгүүдийг хүлээн авах, хүргүүлэх ажлыг явуулах Засгийн газрын комисс"-ыг байгуулж, даргад БНМАУ-ын Гадаад яамны орлогч сайд Э.Намсрайг томилжээ 5. Тус комисс нь ард олноос Бэлэглэлийн комисс хэмээх нэрийг тэр даруй олж, иргэдийн бэлэглэсэн эд зүйлийг хүлээн авах, худалдан борлуулах, орлогыг тусламжийн фондод оруулах ажлыг өрнүүлснээр 1941 оны 9,12 дугаар сард 132000 төгрөгийг БНМАУ-д суусан Зөвлөлтийн Элчин Төлөөлөгчийн газарт шилжүүлж 6 , 11 сард Монголын ард түмний бэлгийн анхны цувааг сард илгээж чаджээ.