1990 оны өмнөх Монгол, 2024 оны Монгол (original) (raw)

1990 оны өмнөх Монгол, 2024 оны Монгол

Sonin.mn agency

21 цагийн өмнө

sonin.mn

(гадаадын судлаачдын нүдээр, бодлоор)

1975, 1976 оны үеэс нааш миний бие олон улсын Монгол судлаачидтай алба болон амины шугамаар холбоотой явж ирлээ. Монгол судлаачдын зарим их хурлын бэлтгэл болон зохион байгуулах хороонд томилогдон ажиллаж ч байв. Олон их хуралд нь оролцож, олон ч илтгэл сонссон юм. Зарим судлаачийн илтгэлийг оросоос монголд хөрвүүлж байлаа. Зарим судлаачидтай хамт хөдөөгүүр явж хамгийн алсын сумуудаар ч очиж байв. Эзгүй хээр майханд хоноглож Монголын эртний түүхийн асуудлуудаар шөнөжин шахам ярилцдаг, маргалддаг ч байлаа. Дээхэн үед ихэнх монгол судлаачид надаас 30-40 насаар ах хүмүүс байж билээ. Америк, Англи, Франц, Орос, Хятад, Унгар, Чехословак, Польш, Япон зэрэг орноос судлаачид ирдэг, зарим нь хөдөөгүүр их аялдаг байв. Тэд 1921 оноос өмнөх үеийн Монголын талаар ч их мэдээлэлтэй, бас 1921-1990 оны үеийн Монгол, монголчуудын талаар ч өргөн мэдлэгтэй хүмүүс байлаа. Харамсалтай нь 2000 оноос хойш ахмад судлаачид тун ч их цөөрчээ. Бараг л бүгдээрээ таалал төгсөцгөөжээ. Гэхдээ хэд гурав байнаа.

Ёстой л “Атан тэмээд шиг, амбан шарууд шиг” томчуудаас нь хүн үлдсэнгүй. Арга ч үгүй юм даа, нас бол нас шүү дээ, 90 орчмоос нь л аваад явчих юм. Дээрхэн үед дунд насныхандаа ордог байсан судлаачдаас үлдсэн хэдтэй би саяхан болтол л харилцсаар байв.

Одоо ч зарим нэгтэй нь холбоотой байгаа. Хааяа хааяа утсаар ярьдаг, зарим нэг нь зун, намрын эхээр Монголд ирээд буцдаг юм. Тэд надтай ний нуугүй, илэн далангүй ярьдаг болохоор яриа, үнэлгээ, дүгнэлт нь уншигчдад ч сонин байж болох ба бодох, тооцох, болгоомжлоход ч тустай байж мэдэх билээ. 1990 оноос хойш хот, хөдөөгүй, дээр дооргүй ажиглагдах болсон олон төрлийн, ил далд сөрөг үзэгдлүүдийн талаар тэд намайг бараг л байцаадаг юм. “Танайхан ёс суртахууны хувьд итгэмээргүй түргэн доройтлоо. Уламжлалт сайхан зан авираа ч гээх нь. Харийн бидэнд сайхан санагддаг байсан энэрэнгүй, шударга, тусархаг, зөөлөн, түвшин зан чанараа ч та бүхэн орхихнээ… Улаанбаатар ч ихэд хөдөөшчээ. Хотын дүрэм сахидаг жолооч ч цөөрчээ. Хааяагүй л тамхины ишээ машиныхаа цонхоор шидэцгээх болжээ… Авлига өгөх, авах нь бүр ердийн зүйл, байх ёстой зүйл мэт болчихжээ. Ялагуяа танай дарга нар авлига, залилан, луйвар, шахаа, чавчаа, хулгай, мөнгө хүүлэх, мөнгө угаах, иргэдээ дарамтлах талаар дэлхийд дээгүүрт ортлоо “суралцаж, боловсорчээ”. Яахлаараа энэ билээ? Танайхны урд өмнөх үзэл суртал, шашин, ёс суртахуун энэ бүхний эсрэг шүү дээ. Танай томчуудыг гаднаас, ямар хүмүүс, ямар аргаар муу муухай бүхэнд сургачихваа?” гэх мэтээр асууж шалгаадаг.

Монгол хүний ааш авир, зан төрхөнд гарсан өөрчлөлтийн шалтгаан, нөхцөл, мөн эрх баригч намын удирдах бүлгийнхний гэмт үйлдлүүдийн шалтгаан, нөхцөл монгол судлаачдад тун ч ойлгомжгүй байдаг юм байна.

Монголчуудын түүхэн уламжлал, ёс суртахуун, гэр бүлд олгогддог хүмүүжил, зан заншил, өвгөдийн нь үлдээсэн соёл их ч хүчтэй, өргөн ч нөлөөтэй гэж харийн судлаачид тооцдог юмсанжээ. Гэтэл ерөнхийлөгч, ерөнхий сайд, намын дарга нараасаа эхлээд л “авлигын идэш” болцгоочихжээ. Харьцангуй залуу хүмүүс нь ч цаашдын нэр, нүүрээ бодолгүй хулгай, луйварт холбогджээ. Тэдний ихэнх нь баярхах, тансаглахын эрүүл бус сэтгэлд автагджээ. Энэний учир, шалтгаан нь монгол судлаачдад ойлгомжгүй байдаг бололтой. Гайхмаар томоор идэж, завшицгаасан, хууль бус орлогоороо гадаад орны хамгийн тансаг орчинд орон сууц худалдан авсан, Их хурал дахь олонхи нь цөөнхтэйгөө хуйвалдаж байгаад том том авлига авцгаасан нь цөөхөн хүн амтай Монголын нийгмийн хувьд арай ч дээ гэмээр муухай үйлдэл, муухай хүмүүс болж харийнханд жигшигддэг, үнэлэгддэг ажээ. Тэд судлаачид юм болохоор үзэгдэл бүхний л учир, үндсийг олох, мэдэхийг хичээдэг. Тэгээд л намайг байцаагаад байгаа юм.

Ардчиллын уриа, лоозон, тунхагаар ард түмнээ хуураад ар хударгаар нь хулгай, луйвар хийж байсан хүмүүсийн гарал, үүсэл, үзэл санааны нь үндэс, чухам хаанаас тэд ийм увайгүй зан төрхийг олсон, халдааж авсныг танин мэдэх, тогтоох гэж зарим нь хүсдэг юм байна.

Монголыг судалж байгаа болохоор нийгэм дэх муу муухайг ч гэсэн сонирхох нь зөв л дөө… 2017 оны зун би нэгэн өвгөжөөр монголч эрдэмтнээс “Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд монголчууд бидний хувьд ямар ямар өөрчлөлтийг та олж харж байна вэ?” гэж асуусан юм. Наадмын өмнөхөн л болсон яриа л даа. “Олон өөрчлөлт гарчээ. Юуны өмнө танайхны малгай, бүч 1921 оныхоос өмнөхтэйгөө ижил болсон юм шигээ. Дээр үеийн отго, жинс, тогосын өд мэт болжээ. Олон, цөөн зураастай, урт далбагар бүчтэй малгайтай хүмүүс олширчээ. Учрыг нь лавлахаар тэд чинь бөхчүүд, харваачид, уяачид гэх юм. Ноёд, түшмэдүүдийн зэрэг, зиндаа шиг, цэрэг эрсийн мөрдөс шиг… Хэргэм, зэрэг, дэс, зиндаа, одон, медальд их дуртай болоо юу даа… Бүгд л энд тэндээс элдэв бараа оруулж ирээд хоорондоо солбиж худалдаалж аж төрдөг болоо юу гэж ч бодогдохоор байна. Танайхан үйлдвэрүүдээ бүгдийг нь зогсоочихсон гэдэг үнэн үү?...” гэхчилэн олныг надаас эргүүлээд шалгааж билээ. Заримыг нь энд дурдахад ч эвгүй, ичмээр зүйлүүд яригдсан юм. “Олон ургальч үзэл санаа, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, тэгш байдлын талаарх онол, сургаалтай зэрэгцээд барууныхны зарим бурангуй суртал ч танайхруу орж ирээд байгааг та нар анзаардаг уу? Жишээ нь Гитлерийн “Миний тэмцэл” номыг танайхан орчуулаад хэвлэчихэж, олон хувиар тараагдчихаж” гэж надаас нэгэн эмэгтэй монгол судлаач асууж байв.

Тэр эмэгтэй Гитлерийн номыг манайхны ардчиллын алтан хараацай гэгдэгч залуусын санаачилгаар орчуулагдсан болохыг ч мэдчихсэн байж билээ. Монголч эрдэмтдийн зарим нь тун ч хянуур, гярхай, бидний мэдээгүй, мэдрээгүй олон зүйлийг олоод харчихсан байдаг байв…

Нацизм, фашизм, милитаризмын талынхан ч гэсэн ардчиллын уриа, лоозонг ашигладаг юм гэж тэр эмэгтэй надад хэлсэн юм. “Польш, Чех, Румын, Герман, Унгар, Украинд суралцаж байсан залуусааас Оросыг, социализмыг, ахмад үеийнхнийгээ үзэн ядах, үл тоомсорлох үзэл, хандлага гарахгүй байна гэж үү?” гэх асуултыг надад хоёр ч судлаач мөн тавьж байв. Өнгөт хувьсгал, энэ тэр гэж яригдахаас өмнөхөн шиг санагдаж байна. Нийгэм судлаач хүмүүс эерэг болон сөрөг үзэгдлийг үнэрч нохой мэт л холоос мэдэрчихсэн байдаг болохоор тэдний асуулт, болгоомжлол бас ч гэж ортой, илрэл ба үр дагавартай л байсан юм шүү…Энэчлэн яриад, дурсаад байвал олон олон сонин хачныг өгүүлж болох хэдий ч ингээд зогсоё доо. Ухаалаг, гярхай, Монголд элэгтэй монгол судлаачдаа урьж, сонсож, хүндэлж, дурсаж байх журамт үүрэг бидэнд бий юм шүү!

Судлаач, профессор Д.Чулуунжав